Манай дэлгүүрт ирсэн хүмүүс орж ирэнгүүтээ хамгийн эхэнд харсан
тэргэнцэрийнхээ үнийг асуугаад худалдан авах гэдэг. Олон жил хүн асарч байгаа,
мөн хүний бие махбодийн үйл ажиллагаа болоод амьдарч байгаа орчинд нь дүгнэлт
хийх чадвартай нэгэн бол мэдээж зөв сонголт хийх магадлал өндөр. Харамсалтай нь
жаахан ярилцаад үзэхлээр туршлага багатай бөгөөд ихэнхдээ тэргэнцэрийн эд
ангиуд, зориулалтын талаар ямар нэгэн ойлголт туршлагагүй байх нь илүү элбэг.
Иймээс, тэргэнцэрийг хэрхэн зөв сонгох асуудал дээр цөөхөн тооны зөвөлгөө өгөх
гээд үзье. Энд тэргэнцэрийг тухайн хүнд нь тааруулан тохируулах гэсэн мэргэжлийн
Хөдөлгөөн Засалчдын ажлыг хөндөхгүй, зөвхөн тэргэнцэрийг сонгохдоо анхаарах
хэдэн зөвөлгөө оруулна гэдэг дахин тодотгоё.
ТЭРГЭНЦЭРИЙН АРЫН ДУГУЙ
Ихэнх тэргэнцэрүүдийн арын дугуй нь том байдаг. Гэтэл зарим тэрэгнүүдийн
арын дугуй жижиг байх тохиолдол байна. Арын дугуйг том эсхүл жижигтэйгээр авах
уу гэдгийг шийдэхдээ үүнийг бодоод үзээрэй.
Хэрэглэх хүн маань өөрөө гараараа дугуйгаа түлхээд явах бүрэн чадалтай \эсхүл
тэр хүнээ идэвхитэй болгож хөгжүүлэх зорилготой\ бол том дугуйтай байх нь
зүйтэй. Мөн хэрэглэх хүний жин их \80 кг-аас дээш\, эсхүл асфальт байхгүй
шороо, элс хайрга ихтэй газар унах бол том дугуйтай байх нь зохимжтой байдаг. Том
дугуй бол даац сайн даана, туулах чадвар сайтай, хүндээ өөрөө тэргээ түрэх
боломж олгодог гэсэн давуу талуудтай. Сул тал нь тэргэнцэрийн өөрийн жингийн
4\1 эзэлдэг, овор ихтэй, зарим тохиолдолд их биенээсээ салдаггүй байна.
Харин хэрэглэх хүн маань ямар нэгэн байдлаас шалтгаалан \их өндөр настай,
хүзүүний үеийн гэмтэлтэй, саажилттай тохиолдолууд\ өөрөө тэргээ түрээд явах
боломжгүй үед жижиг дугуйтай байх боломжтой юм. Түүнчлэн, тэгш гадаргуутай гэр
болон эмнэлэг зэрэг дотор орчинд, дэлгүүр хэсэхээр эсхүл их хол зам туулахгүй
орчинд хэрэглэх бол жижиг дугуйтай байх нь тохиромжтой байна. Жижиг дугуй нь
жин ба овор хэмжээ бага гэсэн давуу талтай ч даац харьцангуй муу мөн хүн өөрөө
түрээд явах боломжгүй гэсэн сул талтай.
ТЭРГЭНЦЭРИЙН ТОХОЙН ТҮШЛЭГ
Тэргэнцэрүүдийн тохойн түшлэг ихэвчлэн салдаг ба салдаггүй гэсэн 2 янз
байна. Салдаг түшлэгтэй байвал хүн орноос, сандалнаас тэргэнцэрүү шилжин суух,
эсхүл 00-ийн суултуур дээр суухад хялбар байдаг давуу талтай. Гэвч, хэрэглээний
явцад санжигнаж дугарах, түгжээ нь барихаа болих, хэт нэг талруугаа налвал
хугарч унах эрсдэлүүд ба сул талуудтай.
Салдаггүй түшлэгнүүд эсрэгээр тэрэгний үндсэн хүрээг бат бөх болгож өгөх
болов ч өөрийн биеийг түшлэг дээгүүр өргөх дайн гарын бяртай л биш бол
амьдралын олон зүйл дээр саадтай байх талтай.
ТЭРГЭНЦЭРИЙН ХӨЛИЙН ГИШГҮҮР\ТАВИУР
Тэргэнцэрүүдийн хөлийн гишгүүр ихэвчлэн өндөрсдөг ба өндөрсдөггүй гэсэн 2
янз байна.
Өндөрсдөг гишгүүр\тавиуртай бол өвдөг, түнхний үеийн хагалгаанд орсон эсхүл
хөлөө нугалах боломжгүй хүн хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг. Амархан чилэх
мөн хөлийн үзүүр хавагнахаас сэргийлдэг тайлтай. Харин нөгөө талаас манай
Монгол шиг жижиг лифттэй \ялангуяа, хуучны угсармалууд\, нарийн коридортой газруудад
ийм тэргэнцэрийг ашиглах хүндрэлтэй байдаг. Мөн хөлийн гишгүүр өндөрсдөг байна
гэдэг нэмэлт механизм ордог тул тэргэнцэрийн жинг нэмэгдүүлэх талтай. Харин өндөрсдөггүй
гишгүүрийн хувьд илүү бат бөх хэрнээ хөнгхөн байх сайн талуудтай болов хэрэглэж
байгаа хүнийхээ хөлийн байдалд тохируулан хэрэглэх боломж хомс байдаг нь сул
тал болдог.
No comments:
Post a Comment