REHTUS: НОЁН байх ҮҮРЭГ

Tuesday, November 25, 2014

НОЁН байх ҮҮРЭГ

             Хүүхэдтэй болох, ном бичих, мод тарих нь хүн гэгч бодгалийн заавал хийх ёстой зүйлсийн нэг гэдэг ойлголтыг хэн ч юм гаргаад хэзээ ч юм хэвшүүлж орхиж. Харьцангуй юм аа. Амьдрал дэндүү баялаг. Ямар нэгэн ЁСТОЙ байх шаардлагатай бол тэр нь боломжоор хязгаарлагдсан бүхэнд ТУСЛАХ ёстой. Үгүй гэж үү?

               Бид санамсаргүйгээр хэнд ч хамаагүй тусалж байдаг. Сурагчид хамтдаа даалгавраа хийж, оюутнууд цугтаа шалгалтандаа бэлтгэж, ажлын талбар дээр гараад багаар ажиллах гэх мэт. Бараг үүрэг шахуу болсон энэ ажлаа бүр баяр баясгалантайгаар хийдэг. Харин олон жил өвдсөн ч юм уу бусдын халамж анхаарал зайлшгүй хэрэгтэй ойр дотны хүндээ дуртайяа тусалж байсан удаа хэр олон бэ? Ер нь ямар үед дуртайяа тусалдаг вэ? Эргэцүүлээд үзээрэй!
Шээж баах, хоол унд, унтах хэвтэх гээд л бүх зүйлийг өмнөөс нь хийж өгөөд байвал  “дуртайяа” туслах хүсэл маань зүгээр л механик үүрэг болж хувирна. Магадгүй ийм тус ч тэр хүнд хэрэгтэй биш байх. Яагаад гэвэл энэ чигээрээ байвал туслах сэтгэл гэдэг хэзээ нэгэн цагт шалдан үүрэг болж хувирахыг энэ хоер хүний аль аль нь сайн мэдэж байгаа. Тусламж авч байгаа хүн нь ч нөхцөл байдалдаа дарагдсан амьдралын нэгэн БООЛ болж хувирдаг.
Харин гаргасан боломж, сунгасан гарыг алдахгүй ядаж өөрийгөө аваад явчих юмсан гэсэн бодолтой зүтгэж яваа нэгнийг харахад огт өөр ирээдүй харагддаг. Энэ бол ДУРТАЙЯА туслахын эх булаг. Хариу нэхсэн биш харин ХӨГЖИХИЙГ нэхсэн.
Тийм ээ, бидний үүрэг бол ТУСЛАХ. Яагаад гэвэл бид тэдэндээ хайртай. Харин Таны тус, тухайн хүнийг амьдралынхаа жинхэнэ эзэн НОЁН нь болоход дөхүүлж өгсөн байгаасай. Үүнээс илүү том бэлэг ч гэж юу байх билээ?

No comments:

Post a Comment