REHTUS: ХАРИУЦЛАГЫН САР

Thursday, January 8, 2015

ХАРИУЦЛАГЫН САР

Элбэг эмээ нэр шигээ буянтай, бас айхтар хөгшин. Ач хүү, зээ охинтойгоо товхийтэл амьдарна. Хавь ойрын ажилгүй хэдэн бүсгүйчүүдийг гэртээ цуглуулж, оёдол үйл зааж өгнө. Том охин нь гадаадаас явуулсан утсыг ач хүү нь нэг шагайхаараа улайраад суучихдагийг мэдээд шалгаасаар байж фэйсбүүкийн тухай тун сайн мэдээлэлтэй болжээ. Зээ охин нь хичээлээ тараад ирэнгүүт өнөө хэдэн хүүхнүүдийн хийсэн бүтээгдэхүүний зургийг оруулж тайлбар бичүүлсээр байгаад бизнесийн хөөрхөн суваг хүртэл нээж өгчээ. Ухаан санаа саруул, гараар хийх зүйлд түүртэхгүй хэрнээ хэвтрийн байдлаасаа болоод шаналах нь сүүлийн жилүүдэд ихэссэн тэрээр үр хүүхэддээ төвөг болж буйдаа ихэд эмзэглэнэ. Өвчнийх биш насных гэх тул өвдөхгүй хэрнээ босож чадахгүй хөлөө хаа нэгтээ харааж бухимдах нь ч бий.

Тэдний амьдардаг хороонд харъяалалтай нэгэн компанийн хамт олон нийгмийн хариуцлагын ажил хийж байна гээд л байн байн бэлэг тараагаад явдагт Элбэг эмээ тун дургүй. Багаасаа нөхөрлөсөн найз хөгшин нь нэг удаа эргэж ирэхдээ түрээсийн тэргэнцэр гэгч зүйл гарсан талаар дуулгасан нь эмгэний тархийг ер амар заяа үзүүлсэнгүй. Сурагласаар байж зардаг газрыг нь олоод, захидал бичиж хүүхдүүдээрээ өгүүлээд санаа амарч суугаа нь энэ. Удахгүй цагаан сар болох нь, та хэдэд яг хэрэгтэй зүйл юу байна гэж олон ч байгууллагаас ирж Элбэг эмээтэй “зөвлөгөөн” хийжээ. Тэднийг цаашлуулж “Бидэнд эрх чөлөө л хэрэгтэй” хэмээн инээмсэглэнгээ бодож төлөвлөснөө тайлбарлав. Заавал өвчтэй, зовлонтой, хэвтрийн хүмүүст биш түр зуурын тохиолдлоор тэргэнцэр ашиглах хэрэгцээ хэн нэгэнд гардгийг эмгэн олж харжээ.


Хариуцлагын сар ч ирлээ дээ...     

Тусалжин

No comments:

Post a Comment