REHTUS: ИТГЭЛ . . .

Sunday, December 14, 2014

ИТГЭЛ . . .

Хүүхдүүдийн цолгиун инээд хаврын бороо шиг шаагина. Дутуу үдсэн гутландаа түүртсэн, дүүрэн номтой цүнхээ дааж ядсан, томчуулын алхааг гүйцэж ядсан тийм л дэггүй төрхнүүд сургуулийн хаалгаар урсана. Би яг ийм насан дээрээ ганцаараа маш удаан, дэндүү болгоомжтойгоор алхдаг байлаа. Хичээлд минь хүргэж өгөх ангийнхаа хүүхдийг хоцроочохгүй юмсан гэсэндээ бас хол зайд үүрээд алхах цагаа тооцон өглөө хамгийн эрт ирж, орой хамгийн сүүлд буцдаг байсан минь одоо харин цагийг ягштал барьдаг болгосон доо. Яагаад гэвэл бусдын адил гүйж харайх эрх чөлөөг минь хувь тавилан хязгаарлаад нэлээн удаж буй. 
Аав ээж минь намайг “чи чадна” гэсэн итгэл үүрүүлэн жирийн сургуульд оруулсан. Оюун ухаан бүтэн ч хөл гараараа арай л бүхнийг хийж чадахгүй намайг цоо эрүүл хүүхдүүдтэй цуг байлгах шийдвэрийг гаргасан гэр бүлийнхэндээ дандаа баярладаг. Хэзээ ч намайг гадуурхдаггүй сургуулийнхандаа хайртай. Олон жил би үе тэнгийнхэнтэйгээ хамт хөөрч, тоглож өссөний ачаар ухаан минь саруул, хүсэл мөрөөдөл минь бүтэн.

Би удаан алхдаг ч үргэлж мөр зэрэгцэн, өндөрт үсэрч чаддаггүй ч урам зоригоороо сансар огторгуйд. Тийм ээ, би орчлонгийн хамгийн азтай бас итгэл дааж чадах хүүхэд.  

No comments:

Post a Comment