REHTUS: НҮД

Friday, December 12, 2014

НҮД

Цас нэвсийтэл даржээ. Даш цонхныхоо дэргэд элдвийг эргэцүүлэн зогсоно. Тэнгэрээс унах мөнгөн ширхгүүдийн тоогоор туулж өнгөрүүлсэн нэгэн жарны амьдрал нь нүдний өмнүүр жирэлзэх шиг. Тэр Туяадаа хайртай. Тийм ч учраас дөчин жил түүнийгээ хөтлөн жаргасаан. Хэтэрхий сайхан төрсөн залуу насыг нь хүн бүр шагшин шогшроход жигтэйхэн хөөрөвч гэргий минь даанч харахгүй юм даа хэмээн гутарсандаа хүүхэд адил чангаас чанга орилж уйлж  байсан удаа бий. Эхнэрээ эрүүл болгох юмсан, нүдтэй л болгочихвол гэж хагалгаанд оруулах гэж зүтгэсэн үе ч бас байсан. Тэр тохиолоо бодохоор нэг их том гэм хийчихсэн мэт санагдаад горьгүй байдаг.

. . . Хаалгаар бөөн чимээ шуугиан орж ирлээ. Хүүхдүүд нь ээжийгээ хөтөлсөөр, ач зээ нар араас нь дагалджээ.

Ээж ээ аавыг хар аа? Яруу найрагч шиг царайтай болчихож

Ээж ээ, та ямар гоё өнгөөр гал зуухаа тохижуулаа вэ

Ээж ээ, ёолкны чимэглэлээ гараар хийсэн юм уу?

Туяа аз жаргалтайгаар инээмсэглэнэ. Сэтгэлийн нүдээрээ бүхнийг харсаар өвгөнийхөө дэргэд очлоо. “Дэггүй хархүү минь бүүр бууралтчихаж” гээд шанхыг нь илбэхэд Дашид хачин их таатай байсан ч хүүхдүүдээсээ зовоод “Хараа ороо юу бүсгүй минь” гэсхийн хошигнох тэр эгшин дэндүү уяралтай.  

Тэдний гэрт шинэ жил иржээ . . .

Тусалжин

No comments:

Post a Comment