“Шатаар
өгсөж уруудахад нуруу өвдөх санаатай. Ном уншиж, зурагт үзэж суухаар хүзүү
хөших маягтай. Хүн хөгшрөхөөр хүүхэд нохойн доог болно гэлцдэг. Тэр үе рүүгээ
орох нь энэ үү” хэмээн бодох бүрт Чүлтэм өвгөний хор шар залуугийн аагаар
хөдөлж, омголон явсан үеийнх шигээ огшин байвч нэгэнт татсан гар нь тэр бүгдийг
эс тоон гүлдийнэ. Дэндүү аатай амьдарч ирсэн түүний дэргэд өдгөө хэн ч үгүй
агаад өтөлж хөгшрөхгүй, өвдөж зовохгүй юм шиг авирлан байсан мөч бүр нь
сэтгэлийг нь шархлуулж, уур унтууг нь хүргэнэ. Үргэлж манлайлж, бусдыг дагуулж
манаргасан он жилүүдээ бодохоор тийм гэхийн аргагүй харамсал тархинд нь хурж,
сэтгэлийг шимшрүүлэх нь бие махбодын хөшөнгөөс
илүү шаналгана.

... Жаргал зовлонг дэнслэх мэт
хар цагаан товчлуурыг өдөр бүр жигтэйхэн нандинаар тогшиж, нэг л мэдэхэд уул
усны голдуу арван хэдэн аялгууг өөрийнхөө хэмжээнд дараад сурчихсан байв.
Байнга багтардаг нь хийсэн одож, мэдээгүй хуруунууд нь төгөлдөр хуурт хүрмэгц
хачин дуртай хөдлөнө. Охины минь ирээдүйг зурсан тэр л хөгжим орчлонд үгүй
болохоос намайг аварсан билээ.
No comments:
Post a Comment